БНСУ-ын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссоос зохион байгуулсан сургалтаар яригдсан сэдвүүд


2016/06/28  1776   0


Шударга ёсны үнэлгээ /Integrity assessment/: Солонгос Улс нь сүүлийн 15 жил шударга ёсны үнэлгээг төрийн байгууллагуудын хүрээнд хийх загварыг хөгжүүлж байгаа юм[1]. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь уг үнэлгээтэй дэлгэрэнгүй танилцан тус улсын туршлагыг нэвтрүүлж байгаа.

Байгууллагын зүгээс гаргаж буй авлигатай тэмцэх санаачилгыг үнэлэх /Anti-Corruption Initiative Assessment/:  Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын зүгээс төрийн байгууллагууд авлигатай тэмцэх чиглэлээр ямар хүчин чармайлт гаргаж буйг үнэлдэг байна. Хэрэв 2002 онд 74 байгууллагыг үнэлдэг байсан бол 2015 онд 268 байгууллага болжээ. Ер нь бол бүх төрийн байгууллагууд хамрагдах ёстой. Гэхдээ Үндэсний ассамблей, бүх шатны шүүх, Дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар гэх мэт байгууллагыг үнэлдэггүй байна. Уг үнэлгээг Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссын зохих хэлтэс үнэлгээнд хамрагдах байгууллагад жилийн эхэнд мэдэгддэг ба уг байгууллага авлигын эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байна. Улмаар жилийн эцсээр үнэлгээг хэрэгжүүлж, дараа жилийн эхээр үнэлгээний үр дүнг зарладаг байна. Авлигатай тэмцэх эсрэг, иргэний эрхийн комиссын хийсэн дүгнэлтээр Авлигын эсрэг санаачилгын үнэлгээ нэмэгдсэн байгууллагуудын шударга, ил тод  байдал дээшилж байна гэжээ.  

“Шүгэл үлээх” механизмыг дэмжих /Whistleblower protection mechanism/: Шударга иргэнийг бий болгох, эсхүл шударга иргэний эрхэмлэх зүйл бол авлига, хээл хахууль болон аливаа хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй байх явдал юм. Тиймээс Солонгос Улс нь Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл дэх шүгэл үлээгчийг хамгаалах хууль (Public interest whistleblower protection act)-ийг 2002 оноос мөрдөж байгаа аж. Уг хуулийн дагуу шүгэл үлээгчдийг тусгайлан хамгаалахын зэрэгцээ шүгэл үлээгчийн үлээсэн/илчилсэн асуудлынх нь хэмжээнээс буюу улсад учруулсан хохирол, төсвийн хууль бус зарцуулалтын хэмжээний 4-30 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг шүгэл үлээгчид өөрт нь олгодог байна. Үүнд шүгэл үлээгчийн илчилсэн хууль бус үйлдлийн хүрээнд хээл хахуулийн талаар илчилсэн бол 3 тэрбум хүртэл, олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар бол 4-20 хувьтай тэнцэх буюу 2 тэрбум воны шагнал олгодог байна. Ийнхүү тусгайлан дэмжиж өгснөөр шүгэл үлээгчдийг шүгэл үлээх боломжийг нь бүрэн хангасан байна. Манай улсын хууль тогтоомжид цаашид шүгэл үлээгчдийг санхүүгийн буюу мэдээлэгчийг дэмжих талаар хуульд тусгайлан механизм оруулж өгөх, шүгэл үлээгчийг хамгаалах, тэднийг дэмжих эрх зүйн зохицуулалт бий болгох нь тус гэмт хэргийн талаар илчлэх явдал нэмэгдэх талтай юм.

Төрийн албан хаагчдад авлигын эсрэг сургалт явуулах /Anti-corruption training for officials/: Солонгос Улс нь төрийн албан хаагчид, төрийн байгууллагын удирдлага, менежерийн түвшний албан тушаалтнууд болон төрийн албанд шинээр ажилд орох шалгуур хангасан зэрэг хүмүүст зориулсан авлигын эсрэг ёс суртахуун, зан төлөвшлийг бий болгох зорилгоор “Авлигын эсрэг сургалтын төв”-ийг 2010 онд байгуулан ажиллаж байгаа аж. Сургалтын төв нь онлайн болон танхимын гэсэн 2 хэлбэрээр богино хугацааны сургалт зохион байгуулдаг. Сургалтын төвийн нэг онцлог нь төрийн албанд шинээр ажилд орох шалгуур хангасан хүмүүст ажлын байран дахь шударга ёс зүй, зан төлөвийг эрхэмлэх, байгууллага доторх өмнөх /хуучин/ ажилтнуудын авлигач ёс зүйг үл тэвчих, харин төрийн албанд ажиллаж байгаа болон удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст холбогдох хууль тогтоомж, авлигын хор хөнөөлийг таниулах зэрэг тусгайлсан хөтөлбөрийн дагуу тогтмол сургалт явуулдаг байна. Энэ онд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн албан хаагчид шударга ёсны сургалтад жил бүр хамрагдахаар болсон аж. 2015 оны байдлаар сургалтад 96776 албан тушаалтан хамрагджээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх механизм буюу хууль батлах үе шатанд хяналт тавих, зөвлөгөө өгөх нөлөөллийн үнэлгээ /Impact Assessment/: БНСУ-ын Авлигатай тэмцэх, Иргэний эрхийн хорооны нэг үүрэг нь хууль, тогтоомж, дүрэм, журамд авлига үүсгэж болох зүйл, заалт орохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол холбогдох байгууллагад нь зөвлөмж хүргүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү үүргээ аливаа хууль эрх зүйн төсөл боловсруулан холбогдох байгууллагуудаас санал авсны дараа Эрх зүйн хороогоор орохоос өмнөх үе шатанд эдгээр хуулийн төсөлд санал, зөвлөмж өгөх хэлбэрээр гүйцэтгэдэг байна. Энэхүү ажлыг салбарын мэргэшсэн хуульчдаас бүрдсэн 16 хүнтэй баг тогтмол хийж гүйцэтгэдэг байна.  Ямар нэгэн хууль батлагдах үйл явцад Авлигатай тэмцэх, Иргэний эрхийн хороо оролцсоноор эдгээр хуулийн улмаас үүсч болох авлигын шалтгааныг бууруулах, олон нийтийн эрх ашгийг хамгаалах зэрэг давуу талтай аж.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь /Prevention of conflict of interest/ буюу манайхаар хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах, хянах, шалгах чиг үүргийг Хүний нөөцийн удирдлагын яам зохион байгуулдаг байна. БНСУ-ын хувьд хөрөнгө, орлого, бэлэгний зохицуулалтыг 1981 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба тухайг үед сайд нарын түвшинд хэрэгжиж байжээ. Улмаар 1993 оноос хамрах хүрээг өргөтгөн (БНСУ-д төрийн албан хаагчид 1-9 хүртэл түвшинтэй, 9 бол хамгийн доод) 1-4 түвшний албан тушаалтнуудыг хамруулж эхэлсэн байна. 2001 оноос дахин хүрээг тэлэн аливаа зөвшөөрөл, лиценз олгодог 5-7 түвшнийг хамруулдаг болжээ. 


[1] Энэхүү үнэлгээ нь НҮБ-ын авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх ангилалд шилдэг Төрийн үйлчилгээний шагнал (UN Public Service awards)-ыг 2012 онд хүртэж байжээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх