АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨНӨӨС АНГИД ШИЙДВЭРЛЭХ НЬ


2018/02/21  445   0


2017 оны 12 дугаар сард Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн талын иргэний нийгмийн байгууллагууд тус улсын бие даасан авлигын эсрэг газар болох Омбудсманы байгууллагын даргыг албан тушаалаас нь огцруулах гомдол мэдүүлнэ хэмээн удаа дараа дарамт шахалт учруулж эхэлсэн. Энэ нь тус байгууллага ерөнхийлөгчийн гэр бүлийн олон тэрбум песогийн авлига, мансууруулах бодисны хэргийг шалгаж байгаатай холбоотой үүссэн нөхцөл байдал юм.

Үргэлжилж буй энэхүү зөрчилтэй байдал нь харьцангуй ховор тохиолдол бөгөөд Нигер, Непал, Украйн улсуудын хувьд улс төрчид болон авлигатай тэмцэх байгууллага хоорондын зөрчлийг даргыг нь хүчээр албан тушаалаас нь буулгаснаар дуусгаж байсан нь бий.  Харамсалтай нь олонх улс оронд авлигатай тэмцэх байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг улстөрчид шийдвэрлэдэг.

Энэ асуудалд ихэвчлэн Ерөнхийлөгч хамгийн голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Афганистан, Бразил, Боцвана, Өмнөд Солонгос, Мексик, Сингапур, Танзани улсад ерөнхийлөгч дангаар Уганда, Литва улсад ерөнхийлөгч хууль тогтоогчидтой зөвлөлдөж Гана, Кени улсуудад ерөнхийлөгч шүүх засаглалтай зөвлөлдөж шийдвэрлэдэг.  Бусад тохиолдолд авлигатай тэмцэх байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлөх эрх парламент эсвэл аль нэг сайдад “албан тушаалаас нь огцруулах” гэх мэтийн процессыг дагаж өрнөдөг байна.  Харин Барбадос, Бангладеш, Иемен улсуудад л ийм байгууллагын даргыг огцруулах асуудлыг шүүхийн зарчмаар тусгайлан хуульчилсан байдаг.

Одоогийн байдлаар дэлхий дээр авлигатай тэмцэх байгууллагыг үнэлэх, дүгнэх талаарх бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт байхгүй ч “Авлигатай тэмцэх байгууллагын зарчмуудын тухай Жакартагийн Тунхаг 2012”[1] http://www.iaca.int/images/sub/activities/EPAC/Jakarta_Statement.pdf   авлигатай тэмцэх байгууллагыг үүсгэн байгуулах, үр дүнтэй үйл ажиллагааг нь хадгалах талаарх зарчмуудыг бий болгож өгсөн билээ.  Жакартагийн тунхагт зарим орон дотоодын хууль тогтоомжоо нийцүүлсэн байдаг.

Жакартагийн тунхаг нь улс орнуудыг авлигатай тэмцэх байгууллагын бие даасан байдлыг хангахын тулд удирдлагыг нь зөвхөн хуулиар олгогдсон хугацааных нь өмнөхөн, “ерөнхий прокурор зэрэг хуулиар тусгайлан хамгаалагддаг албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлдөгтэй ижил нарийвчилсан процессыг дагаж ажлаас нь чөлөөлөх ёстой” гэж заасан байдаг. Гэвч энэхүү зарчим нь уг асуудлыг улс төрийн нөлөөнөөс ангид шийдвэрлэхэд хангалтгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

Филиппин, Непал, Бутан улсуудад ерөнхий прокурор ба авлигатай тэмцэх газрын даргыг албан тушаалаас нь огцруулах зарчим яг ижил боловч амархан огцруулах боломжтой байдаг. Учир нь огцруулах үе шатууд дахь төрийн байгууллагууд нь ямар нэг байдлаар улс төрийн нөлөөлөлд автсан, эсвэл улс төрийн намын гишүүдээс бүрдсэн байдаг. Иймд өндөр албан тушаалтнуудтай холбогдох хэргүүд шалгавал удирдлагыг нь огцруулна хэмээх дарамт шахалтууд улстөрчдөөс байнга ирж байдаг бөгөөд тэд ч энэхүү дарамт шахалтаа гүйцэлдүүлэх хангалттай эрх мэдэл, санал хураах хүн хүчтэй байдаг байна.

Дээрх 3 улсын жишээнээс харахад Жакартагийн Тунхаг нь авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг улстөрчдийн дарамт, шахалт, нөлөөллөөс хамгаалахад төдийлөн тусалж чадахааргүй байна.  Иймд тус тунхагт нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг тусгайлан авч үзэх ёстой юм. Одоогийн зохицуулалтын дагуу авлигатай тэмцэх байгууллагын даргыг ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр, тусгай албан тушаалтнуудтай харьцуулан, нэг түвшинд авч үзэх нь зүйтэй ч авлигатай тэмцэх байгууллагын дарга “онцгой” цор ганц албан тушаал гэдгийг анхааралдаа авах ёстой. Энэ нь хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гурван засаглалын алинд нь ч үл хамаардаг бөгөөд энэ ч утгаараа бие даан ажиллаж, эдгээрийг хянах шалгах эрх мэдэлтэй байдаг.       

Иймд энэ асуудлаар Жакартагийн тунхагт доорх гурван нөхцөлийг нэмэх нь зүйтэй. Үүнд:

Нэгдүгээрт: Авлигатай тэмцэх байгууллагын даргыг огцруулахад тодорхой бус, улс төрийн зохиомол үндэслэлүүд биш, ижил түвшний төрийн албан хаагчийг огцруулахад тавигддагтай адил хуулийн үндэслэлүүд байх ёстой.    

Хоёрдугаарт: Огцруулах асуудал нь төрийн аль нэг эрх мэдэлтний эрхийн хүрээнд шийдэгдэх ёсгүй. Огцруулах шийдвэрийг хэд хэдэн хүн, байгууллага, түүнчлэн улс төрийн бус албан тушаалтнууд буюу шүүгч, хараат бус томилогдссон комиссарууд хамтран гаргадаг байх.

Гуравдугаарт: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүүхээр хэрэг нь шийдэгдэж буй улстөрчид авлигатай тэмцэх байгууллагын даргыг огцруулах аль ч үе шатанд оролцох ёсгүй.  Шүүхээр хэрэг нь шийдэгдэж буй гэж тусгайлан заасан нь хэрэгт холбогдсон нь ямар нэг байдлаар тогтоогдсон гэсэн утгатай бөгөөд авлигатай тэмцэх байгууллагад шалгагдаж буй хэргүүдийг үүнд хамааруулж болохгүй. Учир нь авлигатай тэмцэх байгууллагын дарга зориуд, хууль бусаар улстөрчийн эсрэг хэрэг үүсгэхийг үгүйсгэх боломжгүй юм.

Эх сурвалж

[1] “2012 Jakarta Statement on Principles for Anti-Corruption Agencies”  Энэ нь “non-binding” буюу “заавал биелүүлэх албагүй” олон улсын тунхаг юм.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх