“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы онцлох ишлэл


2017/01/17  2016   0


Улсын Их Хурлын дарга М.Энхболд: 

...Авлигын төлөөсийг Монголын ард түмэн төлж байна. Авлига бол зөвхөн хөрөнгө завших төдий асуудал биш юм. Авлига нь засаглалыг сулруулж, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг бий болгодог бөгөөд хүн худалдаалах, зэвсгийн наймаа, хууль бусаар хил давуулах зэрэг олон арван гэмт хэргийг дэмжигч болж байдаг...

...Бид өнөөдөр даяарчлагдсан, нэг хормын дотор л хулгайлсан мөнгөө шилжүүлэх боломжтой дэлхий ертөнцөд амьдарч байна. Авлигачид хөрөнгөө оффшор бүс, хилийн чанадад нууж “5 одтой” амьдралдаа тансаглаж байна. Тиймээс бидний энэ тэмцэлд олон улсын байгууллагын дэмжлэг болон бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх шаардлага зайлшгүй байна. Гэмт этгээдүүд хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор гадаадад гуйвуулан байршуулах аргыг өргөнөөр хэрэглэх болсон өнөө үед гадаад улсын хуулийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдгээр хууль бус өмч хөрөнгийг илрүүлэхэд чиглэсэн эрх зүйн харилцан туслалцааг цаг алдалгүй шуурхай үзүүлж байх явдал нэн чухал байна. Үүнтэй холбоотойгоор эрх зүйн туслалцаа үзүүлэх болон олон улсын гэрээ Конвенциудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах, ялангуяа эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж буй холбогдох ажилтнуудын мэргэшлийн ур чадвар болон гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад онцгой анхаарч, бусад улс оронд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах явдлыг төрийн зүгээс дэмжиж ажиллана...

...Хэдийгээр сайн хууль, сайн тогтолцоо бүрдсэн ч тогтолцоог үр дүнтэй байлгах эсэхийг шийдэх хүчин зүйл бол авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын чадавхийн түвшин юм. Ялангуяа их мөнгөтэй, нөлөөтэй авлигачдын эсрэг ажиллахад тэднээс өндөр ур чадвар шаардах нь гарцаагүй юм. Өнөөдөр эрх мэдэлтэй авлигачдын ард мэргэшсэн хуульч, эдийн засагч, нягтлан бодогчдын бүхэл бүтэн баг ажиллаж байхад үүний эсрэг ард түмний төлөө нэг мөрдөн байцаагч, эсхүл аль нэг прокурор ажиллаж байгаа энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Нэг зуу гаруйхан ажилтантай Авлигатай тэмцэх газрын чадавхийг бэхжүүлэх асуудал зүй ёсоор тавигдаж байна...

...Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг батлахад УИХ санаачилгатай ажиллах ёстой. Тухайлбал, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрийн нам, бүлгээс хараат бус ажиллах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг улс төрийн оролцоо, нөлөөллөөс ангид, шударга, ил тод явуулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчинг сайжруулах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг хүнд ачааг УИХ нуруун дээрээ үүрэх болно. Харин энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргээ Авлигатай тэмцэх газар үр дүнтэй сайн гүйцэтгэх хэрэгтэй...

...Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсхүл АТГ-ын хийх ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтын дүнд үр дүнтэй ажил болж хэрэгжинэ...

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал: 

...Бид авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн аваад үнэн, худлыг тогтооход цаг хугацаа, бусад олон хүчин зүйл нөлөөлөхийг үл харгалзан шалгах хэдий ч хэн нэгний нэр хүндийг үндэслэлгүйгээр унагах, олон түмний сэтгэл зүйг төөрөгдүүлэхгүй байх үүднээс хууль зөрчсөн нь тогтоогдоогүй хүмүүсийн эсрэг сөрөг мэдээлэл тархан, нэр төрд нь халдахаас сэргийлж анхааралтай ажиллах болно...

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат:

...Илтгэгчийн үзэж буйгаар авлигатай тэмцэх төдийгүй нийгмийн хүрээний бүхий л асуудлыг шийдвэрлэхэд энэхүү олон талт хамтын ажиллагааны үзэл баримтлал ихээхэн чухалчлагдах ёстой зүйл бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талууд тухайн зүйл дээр ойлголтын зөрүү, ажлын арга барилын ялгаа, байгууллагын нэр хүнд, эрх ашгийг тэргүүнд эрэмбэлэх зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнд автаж үл ойлголцол, зөрчилдөөн, хүнд суртал, эрх мэдлийн “илүүрхэл ямбархал”-д автаж шийдвэрлэх ёстой асуудлаа марттал асуудалтайгаа бус өөр хоорондоо тэмцэлдэх болсон нь нууц биш юм...

...Эрх мэдэлтэй, мөнгөтэй, нийгэмд нөлөөлөх бүхий л арга хэрэгслийг хяналтдаа байлгадаг авлигачидтай тэмцэхэд зөвхөн хууль сахиулагчдын мөрдөн шалгах ажиллагааны арга хэрэгсэлүүд хангалтгүй бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх шууд чиг үүргийг хүлээдэггүй бусад төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хүч дэмжлэг гарцаагүй чухал юм...

...Гэхдээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь олон талтын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг иж бүрэн бүрдүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Олон талт хамтын ажиллагаа нь энэхүү хамтын ажиллагаагаа нэг бүрчлэн журамласан, эрх үүргийн, харилцан ойлголцолын, мэдээлэл солилцооны, харилцан хяналт-итгэлцэлийн бүхий л асуудлыг нарийвчлан зохицуулсан ажлын төлөвлөгөө байх ёстой. Одоогийн байдлаар Хөтөлбөрт зөвхөн олон талт хамтын ажиллагааны суурь үндсийг тунхагласан байгаа нь хангалтгүй тул цаашид Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр эл шаардлагыг гүйцээн хангана гэж итгэж байна...

СЭЗИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, доктор Б.Эрдэнэдалай: 

...Монголын нам, нэр дэвшигчид хэрхэн санхүүждэг талаар нарийвчилсан судалгаа, ном, материалууд төдийлөн хангалттай бус, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа дутмаг байгаа бөгөөд иргэдийн өндөр түвшний авлигын талаарх ойлголт хангалтгүйгээс гадна авлигаас сэргийлэхэд иргэдийн оролцоо зайлшгүй чухал гэдгийг сурталчлах, судлах, өнөөдөр бий болоод байгаа улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийн асуудлыг хуулийн хүрээнд өндөр түвшний авлигаас ангид байхаар зөв замаар шийдвэрлэх хэрэгтэй байна...

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

...Авлигатай тэмцэх байгууллагынхаа чадавхийг бэхжүүлье, хийж байгаа ажлыг нь зөвийг нь дэмжээд бурууг нь засаад явъя.

...Бид Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохдоо “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх”-ээ тангарагладаг.   Албан үүргээ ч олон нийтийн итгэл дээр үндэслэн гүйцэтгэдэг. Гишүүн бүрийн мөрийн хөтөлбөрт Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хууль тогтоомжийг сайжруулж ажиллах талаар туссан. Ард түмэн биднээс ийм зүйлийг хүсч байна. Энийг хийж хэрэгжүүлэх цаг нь болсон...

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Л.Нямгэрэл: 

...Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бас нэг гол хэрэгсэл бол хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хор холбогдлыг олон нийтэд таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сэрэмжлүүлэх чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх, сурталчилгаа явуулах ажлыг зорилгоо болгож ажиллахын сацуу гэмт хэргийг сурталчилсан, гэмт үйлдэл үйлдэх арга замыг харуулсан, уриалан дуудсан агуулга бүхий контент хийхгүй, нэвтрүүлэхгүй байх зарчмыг хатуу баримтлах ёстой.

...Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар хамтран ажиллахаар тус тус төлөвлөлөө...

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл: 

...Олон улсад төрийн үйлчилгээг цахимжуулах замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүртэх боломжоор хангах, хөндлөнгийн хяналт бүхий програм хангамжийн үйл ажиллагааг нэвтрүүлэн төрийн албан тушаалтны үзэмжээр шийдвэр гаргах явдлыг өөрчлөх, төрийн нээлттэй өгөгдлийг ашиглан аппликешн бий болгох зорилгын үүднээс машинд уншигдах хэлбэрээр, чөлөөтэй хандах боломжоор хангах, төрийн үйлчилгээний талаарх иргэдийн санал гомдлыг хүлээн авч Засгийн газарт уламжлах онлайн платформ болон авлига, хээл хахуулийн талаар мэдэгдэх вэб, эсвэл Mobile платформ ажиллуулах зэргээр албан тушаалтнууд авлига, хээл хахууль олж авах орон зайг багасгадаг байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг: 

...Төр, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран хэрхэн яаж авлигагүй нийгмийг бий болгохын төлөө ажиллах, гарц, шийдэл юу байгааг тодорхойлох шаардлагатай байна. Үүний нэг шийдэл нь төрийн хүнд суртлыг арилгах, шат дарааллыг багасгах, цаашлаад төрийн хийж чадахгүй байгаа, хугацаа, хүч хөрөнгө ихээхэн зарцуулж, олон нийтийг чирэгдүүлдэг гэж хэлж болохоор ажлуудыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод тодорхой шалгуур, шаардлагатай нөхцөлийн үндсэн дээр шилжүүлэх буюу гэрээгээр гүйцэтгүүлж иргэд болон хувийн хэвшилд хурдан шуурхай хүрч ажиллах юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэргэжилтэн Ч.Цоодол: 

...Захиргааны шийдвэр гэдэг нь хэзээд хэн нэгний эрхийг хязгаарлаж байдагт асуудлын мөн чанар нь байгаа юм. Иймд төрийн байгууллагуудын захиргааны шийдвэр нүдээ олж, зах зээл дээрх эмгэг, гажуудлыг арилгаж чадаж байна уу гэдэгт манай байгууллага цаашид анхаарч ажиллах болно.

Сэтгүүлч, доктор Ч.Базар: 

...Энэхүү хор уршигт зүйлийн эсрэг тэмцэж, эрүүл саруул нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, энгийнээр хэлэхэд “ганц ч болов авлигын хэрэг эрэн сурвалжилж, үнэний дуу хоолой болох юмсан” гэсэн шударга үнэний дөл сэтгүүлч хүний цээжний гүнд асч л байгаа. Харин сэтгүүлчид бид /би ч үүнд орно, яагаад гэвэл би сэтгүүлч мэргэжилтэй хүн/ дотоод, гадаад саад тотгороо давж чадахгүй байна. Дотоод саад тотгор нь бид хүчээ нэгтгэж чадахгүй, тал талд ажиллаж байна. Дээр нь эрэн сурвалжлах арга технологио сайн эзэмшиж чадахгүй байна. Бас өөрийн цензуртаа баригдаж байна. Эзний хүсэл зориг сул, редакцийн хараат байдал чанга байна. Олон улсын сайн туршлага эрэн сурвалжлах хүсэлтэй сэтгүүлчид хүчээ нэгтгэж төв, клуб, холбоо зэрэгт төвлөрч ажилласан цагт амжилтад хүрдэг.

“Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал: 

...“Зөөлөн” авлига гэж нэрлэгддэг төлбөртэй материал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл доторх авлигын хөрсийг хүчтэй тэтгэгч болох аюулын дохио юм. Сэтгүүл зүйн аргаар хийгддэг ийм материал “төлбөртэй”, “захиалгатай” хэмээн онцлоогүй нөхцөлд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, тэдний итгэлийг алдахад хүргэж буйг бид анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр, энэ нь улс төрч, албан тушаалтан, эрх мэдэлтэн, бизнесийн бүлэглэлийнхэнд хэвлэл мэдээллийг өөрийн зорилгод урвуулан, хэтрүүлэн ашиглах боломж олгож, улс оронд авлига гүнзгийрэх нөхцөл бүрдүүлж байгаа юм. Олны дотор “ёс зүйгүй, худалдагдсан” сэтгүүлчдийн тухай яриа түймэр адил тархаж буй нь чөлөөт хэвлэлийн нэр хүндэд асар их хортой болохыг олон сэтгүүлч шүүмжилдэг...

“Өмгөөллийн Юник Легаль Партнерс” ХХН-ийн захирал Рагчаагийн Очирбал:

...Авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох чиглэлд эрс шинэчлэл, манлайлал үгүйлэгдэж байна. Нийгмийн ёс суртахууны доройтол, авлигын өсөлт нь хоорондоо шууд хамааралтай учир ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэсэн иргэдийг бий болгох чиглэлд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлт хамгийн ихээр хүсэмжлэгдэж байна. Ёс зүйтэй иргэн авлигын эсрэг хүчтэй тэмцэгч байж чадна. Иргэд авлигын эсрэг үйл ажиллагааны үр шимийг хүртэгч идэвхгүй субъект байж болохгүй. Тэд үйл ажиллагааны бүх үйл явцын турш идэвхитэй хамгаалан дэмжигч байх ёстой. Гагцхүү авлигын шинжтэй үйлдэл бүр нь хүний эрхийн зөрчил болохыг тэдэнд ухааруулан ойлгуулж чадвал авлигын эсрэг шинэчлэлийн хөдөлгөөнд олон нийтийн хүчийг дайчлах боломж бүрдэнэ. Нийгмийн олонхийг авлигын эсрэг уриалж чадвал авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтын механизм илүү үр дүнтэй хэрэгжих болно...

“Ардчиллын боловсрол төв” (ДЕМО)-ийн захирал Г.Ундрал: 

Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын мэдээлэл бол ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ. Сүүлийн үед төрийн мэдээлэл улам хаалттай болж, байгууллага, албан тушаалтны үзэмжээр олгогддог болж байна. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, “OPEN-WASHING” хэлбэртэй байна.

Авлигатай тэмцэгч шүгэл үлээгчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, арга хэмжээ авах, мэдээллийг иргэдийн хэрэгцээнд нийцсэн, ойлгомжтой хэлбэрээр, олон сувгаар хүргэх, мэдээллийг иргэд төрөл бүрийн технологийн хэрэгслээр ашиглах, хайлтаар амархан олдох, их хэмжээгээр татагдах зэрэг боломжуудаар хангаж цахимжуулах шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх