Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоороо “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа


2017/01/11  1703   0


Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулав.

Уг томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг нээж хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг батлахад Улсын Их Хурал санаачилгатай ажиллах ёстой. Тухайлбал, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрийн нам, бүлгээс хараат бус ажиллах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг улс төрийн оролцоо, нөлөөллөөс ангид, шударга, ил тод явуулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчинг сайжруулах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг хүнд ачааг Улсын Их Хурал нуруун дээрээ үүрэх болно. Харин энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргээ Авлигатай тэмцэх газар үр дүнтэй сайн гүйцэтгэх хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Авлигын эсрэг үйл ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” илтгэлдээ хэд хэдэн тоо баримт дурдсан нь чуулганд оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар 10 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын нийт 1,795 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас улсад 301.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 27 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 114.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан дүнтэй ажиллажээ. Нийт 537 этгээдэд холбогдох 187 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн талаар илтгэв. Тэрээр, төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг ил тод мэдээлэхийн тулд өөрсдөө хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг үзлийг иргэдэд төлөвшүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн төвийг нээн ажиллуулах гэж байгаа тухай дурдаад “Бид авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн аваад үнэн, худлыг тогтооход цаг хугацаа, бусад олон хүчин зүйл нөлөөлөхийг үл харгалзан шалгах хэдий ч хэн нэгний нэр хүндийг үндэслэлгүйгээр унагах, олон түмний сэтгэл зүйг төөрөгдүүлэхгүй байх үүднээс хууль зөрчсөн нь тогтоогдоогүй хүмүүсийн эсрэг сөрөг мэдээлэл тархан, нэр төрд нь халдахаас сэргийлж анхааралтай ажиллах болно” гэж цохон тэмдэглэв. Авлигатай тэмцэх асуудал ямагт нарийн төвөгтэй, үргэлж бэрхшээл, саадтай байгаа хэдий ч цаашдын ажлын үр дүн ард түмний хүсэл зориг, хүчин чармайлт, чин сэтгэл, шударга үйлдлээс хамаарах тул нэгэн итгэлээр хамт зүтгэцгээе хэмээн Авлигатай тэмцэх газрын дарга илтгэлийнхээ төгсгөлд уриаллаа.

"Авлигын эсрэг үндэсний чуулган"-ы нээлтэд ХБНГУ-аас Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дуппел, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Жэйгэр нар оролцож, үг хэлсэн юм. Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжиллээ. Салбар хуралдаануудыг Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар даргалан явуулав. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх