Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын ажил байдалтай танилцав


2017/01/09  1608   0


Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Авлигатай тэмцэх газарт зочилж, тус газрын үйл ажиллагаатай танилцав. Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хийж буй танилцах айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, З.Нарантуяа, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нар оржээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон хэлтэс, албадын дарга нар Улсын Их Хурлын гишүүдэд ажил байдлаа танилцуулж авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын явц, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн зэрэг асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн өрөө тасалгаагаар орж, зарим ажилтан, албан хаагчтай ярилцав.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал байгууллагын 10 жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар нэгбүрчлэн танилцуулаад Улсын Их Хурлаар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Авлигатай тэмцэх газраас олон талын санал санаачилга гаргаж, ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Тухайлбал, иргэд Авлигатай тэмцэх газарт чөлөөтэй нэвтрэх бололцоог бүрдүүлэх үүднээс “Олон нийтийн төв” нээсэн бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналтыг бий болгох зорилготой Олон нийтийн дэд зөвлөлийг орон нутагт ажиллуулахаар бэлтгэж буйг танилцуулав. Түүнчлэн Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кройтнертой уулзсаны дагуу Зүүн өмнөд Азийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсын Авлигатай тэмцэх газрыг түшиглэн байгуулахаар ярилцаж тохиролцсоноо сонирхууллаа.

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа мөрдөн байцаагч нарыг санхүү эдийн засгийн талаар мэргэшүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тэргүүлэх чиглэл болсон урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлаа гүнзгийрүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нар олны анхаарал татсан томоохон хэргүүдийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг тус тус зөвлөв. Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав “10 жил гэдэг харьцангуй богино хугацаа. Ийм хугацаанд энэ байгууллага хөл гараа олж чадсан байна. Төрийн албан тушаалтнуудын хувьд айхгүй ч гэсэн аягүй гэгчээр Авлигатай тэмцэх газар бол Монгол Улсад хэрэгтэй байгууллага. Авлигатай тэмцэнэ гэдэг бол маш хүнд ажил. Энэ хүнд хэцүү албанд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэж хэллээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх