Авлига бол хээл хахууль, шан харамжийн шинжтэй үйлдлүүдийг хамарсан өргөн хүрээний ойлголт юм. Энэ үзэгдлийг тодорхойлсон олон янзын тодорхойлолт байдаг боловч аливаа албан хаагч /төрийн болон хувийн хэвшлийн/ өөрт нь итгэж олгосон эрх хэмжээ буюу албан тушаалын байдлаа тухайн албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж хийвэл зохих үүргээс татгалзах, эсхүл хийхийг хориглосон үйлдлийг хийх зүй бус үзэгдлийг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, албан хаагч түүнд амласан, санал болгосон, эсхүл өгсөн эдийн болон эдийн бус ашгийн нөлөөнд автан хариуцсан албаныхаа ашиг сонирхлыг худалдан урваж байгаа үйлдэл юм. Ингэснээр тухайн этгээд уг албанд шударгаар зүтгэх мөс чанараа алдаж, түүнийг зөвхөн хувьдаа ашиг хонжоо гаргахын тулд ашиглагч болж хувирах ба албаны үйл ажиллагаа зориулалтын дагуу явагдахгүй болж үйл ажиллагааны чиглэл нь жинхэнэ зорилгын эсрэг хандах аюул бий болгоно.
Авлига нь хэдийгээр албан хаагч албаны эрх ашгийг худалдах, тэрхүү эрх ашгийг нь хувийн ашиг сонирхлоор дарангуйлан худалдаж авч байгаа хүмүүсийн хоёр талын ажиллагаа мөн боловч авлига гэдэг ойлголтын гол үзэл санаа нь нэг талаас, нэгэнт итгэн хариуцуулсан ажил албаны эрх ашгийг юугаар ч худалдахгүй байх ёстой гэсэн ёс суртахууны хэм хэмжээ, нөгөө талаар худалдагдахгүй байвал худалдаж урвуулан авах оролдлого үүсэхгүй.Өөрөөр хэлбэл, “овоо босгохгүй бол түүн дээр шувуу суухгүй” гэсэн энгийн учир шалтгааны үүднээс эрх мэдэлтэнд голлож хамаардаг юм. ... |