РЕКЛАМ
Сурталчилгаа
NEW_BOOK
Үйл ажиллагаа
    Монгол Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлыг эрхлэн гүйцэтгэх чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байхаар тогтоосон юм.

    Тус хэлтэс нь Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуулийг мөн оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 263.1. /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.1. /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 266.1. /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 270.1. /Хээл хахууль зуучлах/, 273.1. /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн 263.2. /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.2. /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265. / Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.2. /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268. / Хээл хахууль авах/, 269. /Хээл хахууль өгөх/, 270.2. /Хээл хахууль зуучлах/, 273.2. /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэж заасны дагуу дээр дурдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

    Түүнчлэн Мөрдөн шалгах хэлтэс нь дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хандлагыг тогтмол судалж, авлигаас урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээнүүдийг холбогдох бусад алба, хэлтэстэй хамтарч болон дангаараа авж хэрэгжүүлдэг болно.

    Хуулиар тус газарт харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан, Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн алба хаагч нь Авлигын эсрэг хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан дараах бүрэн эрхтэй.

Авлигатай тэмцэх газрын бүрэн эрх:
  • Авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах;
  • Хуулиар харьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
  • Авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах; 
  • Өөрийн байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах; 
  • Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах; 
  • Чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах; 
  • Хуулиар харьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх; 
  • Өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч, бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах; 
  • Монгол Улсын Ерөнхий Прокурорын шийдвэрээр тодорхой хэргийг цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран шалгах; 
  • Авлигатай тэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
  • Гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу иргэнд ил болсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулан авах, баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагчийн бүрэн эрх:
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрх, үүргийг эдэлж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын байранд нэвтрэн орох;
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний банкинд байгаа данс, гүйлгээг шалгах, түр зогсоох;
  • Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрөнгө битүүмжлэх;
  • Албан тушаалтан, иргэнээс тайлбар гаргуулах, мэдүүлэг авах, түүнийг албадан ирүүлэх;
  • Албан үүргээ гүйцэтгэх явцдаа хойшлуулшгүй тохиолдолд дипломат төлөөлөгч, төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан, үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламж, гал унтраах алба, техникийн ослын дуудлагынхаас бусад авто тээврийн болон холбооны хэрэгслийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр дайчлах, ашиглах; 
  • Албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх;
  • Албан үүргээ гүйцэтгэх явцдаа зорчигч тээврийн болон холбооны хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх; 
  • Авлигатай тэмцэх газрын чиг үүрэгт хамаарах бусад бүрэн эрх;
Бид шударга, мэргэшсэн, чадварлаг үйл ажиллагааг эрхэмлэдэг бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, хуулийг ямагт дээдлэн, албаны болон хувь хүний нууцыг чандлан хадгалж ажиллана.


     http://www.iaac.mn © 2007-2009 Авлигатай тэмцэх газар,  Onlinesolutions LLC-д бүтээв.