Эрхэм зорилго, үндсэн зарчим, түүхэн замнал


Эрхэм зорилго, үндсэн зарчим

2013/11/30  2066   0

 
Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газрын уриа: 
АВЛИГАГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА.

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим:
Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. (Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1)

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх

2009/08/09  2143   0

Авлигатай тэмцэх газар нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
  2. Хуульд заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах ажлыг зохион байгуулах;
  3. Авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажлыг гүйцэтгэх.

Авлигатай тэмцэх газар нь дараахь бүрэн эрхтэй:

  1. Авлигын эсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагад оруулах;
  2. Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж, эрх бүхий байгууллагад оруулах;
  3. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан төрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайланг гаргуулан авах;
  4. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;
  5. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
  6. Авлигын холбогдолтой өргөдөл гомдлыг хүлээн авч шалгах;
  7. Хуулиар харъяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
  8. Чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах;
  9. Өөрийн байгууллага ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
  10. Гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу иргэнд ил болсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулах авах, баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;
  11. Хуулиар харьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
  12. Өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах;
  13. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хянах;
  14. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх журмын биелэлтийг шалгах;
  15. Мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, хугацаа хожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээг авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
  16. Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах;
  17. Авлигатай тэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
  18. Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн дээр дурьдсан чиг үүрэг, эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, захиргаа, санхүүгийн ажлыг хэрэгжүүлэх үүргийг Тамгын хэлтэс хэрэгжүүлнэ.

Түүхэн замнал

2001/11/08  1848   0

Даяаршил эрч хүчээ авсан сүүлийн 20-иод жилд дэлхийн улс гүрнүүдийн харилцаанд урьд өмнө байгаагүй нэн таатай нөхцөл бүрдэж, хөгжил дэвшлийн сайхан бололцоо нээгдсэн боловч үүнийг дагасан сөрөг үзэгдлүүд мөн даяаршиж байна. Тэдгээрийн нэг нь авлига юм. Энэ сөрөг үзэгдэлтэй зөвхөн нэг улс дангаараа тэмцсэнээр үр дүнд хүрэхгүй, харин олон улсын түвшинд хамтран тэмцэхээс өөр аргагүйг харгалзан 2003 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Авлигын эсрэг конвенцийг баталсан билээ. Авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг Авлигын эсрэг конвенцийн удиртгал хэсэгт хамгийн эхэнд дурдсан байдаг.

Монгол Улсын төр, засаг авлигатай тэмцэх ажилд гар хумхин суусангүй. 1996 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан.

2005 онд Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталсан нь авлигын эсрэг тэмцлийн хүсэл зоригийн томоохон илэрхийлэл болсон билээ. Авлигатай тэмцэх ажлын явц удаан, үр дүн муутай байгааг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн уур амьсгал нь Авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлах нөхцөл, шалтгаан болсон юм.

2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр. Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв.

Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх